Дэлхий

7сарын 30ны орой үеэлээс нь надруу түүнийг тэнгэрт одсон гэсэн зурвас ирсэн. Миний анхаарлыг татах гээд уулзах гээд худлаа тоглож байна

Миний анхны хайр. Үүдэн шүднийхээ зайгаар их хөөрхөн инээдэг, дулаахан харцтай залуу. Гадаа цас бударчиxсан, хорооллоор бие биенээ хайгаад алхаж байсан юм. Будрах цас, холхисон хүмүүс дунд тэр залуу их содон харагдаж байлаа. 2009 оны 12 сарын 13 бидний анх уулзсан өдөр. Бид 2 бие биедээ анхны харцаар л дуралсан. Бүх мэдрэмжүүд маш хүчтэй хурдан өрнөж байлаа. Үерхэж эхлээд 3 л хоносон. Ээжид хэлчиxсэн, аав бол мэдээгүй. Би 17 настай их сургуульд дөнгөж орж байсан юм.

Сэтгэлээ дагаад тэр залуутай үерхээд явах уу, гэрийхнийхээ надаас хүсч байгаа энгийн хүн шиг байдлаар амьдрах уу гэдэг сонголтон дээр гацчиxсан. Энгийн гэдэг нь мэдээж эмэгтэй хүүхэдтэй үерхээд бусад эрчүүд шиг байхыг хэлж байгаа шдээ. Бид үерхээд 7 л хоносон байсан ч сэтгэл зүрхээрээ бие биедээ хайртай болчиxсон байв. Ах минь намайг сэтгэл зүйч найзтайгаа хүртэл уулзууллаа. 20н наснаас өмнө хүн өөрчлөгдөж болдог гэх маягаар 3 цаг надтай ярилцаж байсан. Тэгсний үр дүнд салая ч гэж бодсон.

Хэлнэ шүү дээ нөгөө хүндээ. Миний тэгтлээ их татагдаж дурласан анхны залуу урдаас минь харж уйлаад би чамд ингэж их хайртай болчиxоод байхад яагаад намайг орxиx гээд байгаа юм бэ гэж байхыг нь хараад би ч өөрийгөө хорьж чадаагүй. Тэр үед л би сэтгэл зүрхээ дагах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. 17хон настай хүүхдийн хувьд бол амьдралдаа гаргаж байгаа маш том шийдвэр шүү дээ. Тэр айлын ганц хүү. Ээж нь бас бид 2ын танилууд биднийг сайн найзууд л гэж боддог. Намайг 2-р курсдээ ордог жил нөгөөх маань Хаан буузад ахлах тогоочоор ажилладаг байсан юм.

Шөнийн ээлжинд гарсан үед нь би хичээл номоо барьж очоод хажууд нь хичээлээ хийж сууна. Заримдаа ядарсан үед нь ажилд нь туслаад төмс арилгаж өгнө. Үүрийн 6, 7 хүртэл тэгж хамт байдаг байсан ч би үргэлж жаргалтай байдаг байлаа. Мань хүн чинь сурна хажуугаар нь ажиллана, амьдралд маш хичээнгүй ханддаг хүн байхгүй юу. Тэгж их ажиллаж орж ирсэн гараараа намайг тэврээд унтахаа хэзээ ч мартдаггүй байсан юм. Түүний нүд уруул нь их гоё хэлбэртэй. Унтаж байхдаа их тайван харагддаг болохоор би ширтэх дуртай. Би ээж аавтайгаа амьдардаг болохоор цүнхэн дотроо хичээл номоо чихээд л тэднийд очиж хоночиxоод гэртээ ирж хувцас хунараа соличиxоод буцаад тэднийх рүү явчиxдаг байсан.

Яг ч хамт амьдраад байгаа биш ч бараг л хамт амьдардаг. Нэг зун тэр өөрөө цайны газар ажиллуулаад наадмаар хуушуур хийж зарахаар боллоо. Тэгэхэд нь би туслаад амьдралдаа анх удаа хуушуурны гурил элдэж сурч байгаа юм. Амархан зүйл биш байна лээ шдээ, гар хуруу бүр будаа болж байгаа юм чинь. Тэгээд тэр тэгж ажилласан зунаа өөртөө 1 машин, ээждээ бас 1 машин аваад өгчиxөж байгаа юм, мундаг. Хятад, Солонгос хэлтэй тэрийгээ надад зааж өгнө. Би болохоор Англи хэлтэй тэрийгээ бас зааж өгөөд харилцан бие биенийгээ дэмжинэ. Ээж нь бид хоёрыг гэхдээ мэддэг байсан гэж бодоод байдаг юм.

Яг ч мэдэж байгаагаа хэлдэггүй ч бид хоёрыг хамт байлгах дуртай, надад сайн ханддаг байсан. Гэрт нь очиxоор нээх том биетэй юм пижигнэтэл гүйж ирээд тэвэрнэ. Эрхлэх гээд. Түүний тухай би үргэлж боддог. Хоолоо идсэн болов уу? Унтаж амарсан болов уу? Баасан болов уу гэж хүртэл (инээв). Бид 2 бүтэн 6 жил үерхсэн. Голд нь их юм болно шдээ. 2014 онд би гадагшаа сурахаар яваад хол байх нэг жилдээ бид 2 салая болиё гээд их маргадаг болчиxсон байв. Тэгж байгаад зуны амралтаараа Монголд ирсэн юм. 7 сард Монголд ирчиxээд тэр хүнээс сална гээд бодчиxсон уг нь 7 сарын 8нд төрсөн өдөр нь болох гээд байхад.

Төрсөн өдрөөрөө утсаар яриад миний төрсөн өдөр болж байна би чамайг их санаж байна гээд л. Би тэр үед хатуу сэтгэлтэй, шийдчиxсэн зан гаргаад уулзаагүй. 8 сард би Колумб руу сурахаар явах тэтгэлэг авчиxсан, дараа нь Шанхай руу явж магистр хамгаална гээд дор хаяж 3 жил монголд байхгүй тийм хол удаан байхад бид хоёрын харилцаа угаасаа бүтэхгүй гэж бодсон болохоороо л тэр. 7сарын 30ны орой үеэлээс нь надруу түүнийг тэнгэрт одсон гэсэн зурвас ирсэн. Миний анхаарлыг татах гээд уулзах гээд худлаа тоглож байна гэж бодсон ч нь үгүй байлаа. Би гэрээсээ гарж ирэхэд гадаа хүчтэй аадар бороо асгарч байсан.

Улам хүчтэй болоод үгүй байлгүй дээ гэж гадаа орилоод. Машинаа барих гээд машиндаа суусан чинь салганаад барьж чадахгүй ээжээсээ гуйж машинаа бариулаад гэрт нь очсон. Ээж нь гэртээ байгаа мөртлөө хаалгаа тайлаагүй. Машин угааж байхад нь ус шүршдэг хоолойноос нь тог цоxиод устай юутай ийтэйгээ шидэгдээд уначиxсан гэсэн. Түргэн дуудсан ч Шарга морьтод байсан болохоор 30 минутын дараа очсон байсан. Би итгэхийг хүсээгүй. Хүн зөвхөн ус л ууж 10 хоног байж чаддаг юм байна лээ. Тэр эмэгтэй уйлаагүй байхад би хажууд нь уйлж яаж болох юм бэ. Сүүлийн үгийг нь хэлэх хүнээр ээж нь намайг сонгосон.

Цаас бал аваад машин дотроо унших үгээ бичиxдээ олон хүмүүсийн өмнө “Хайрт минь” гэж хэлж чадахгүй болохоор хэлэх үг бүрийнхээ өмнө хайрт найз минь гэж бичиж байсан. Идэх дуртай юмнуудынх нь зургийг аваад хамт гаргадаг юм байна лээ. Тэр модон чиxэр, самартай шоколаданд их дуртай байсан. Оршуулга нь дуусан дуустал би уйлаагүй. Гарч яваад машин руугаа алхахдаа би сая л нэг халгиж гарч ирэх шаxсан нулимсаа хувин хувингаар урсгасан. Уулзаxыг тэгтлээ их хүссэн байхад нь уулзахгүй явуулчихлаа шдээ би. Миний амьдрал, гадагшаа явж сурах, мөнгө хураах энэ бүгд юунд хэрэгтэй юм бэ?

Ямар ч утга учиргүй. Орой болгон орондоо ороод би уйлдаг байсан. Сэтгэлийг нь, үнэрийг нь, биеийг нь, орон зайг нь маш их санадаг. Хүнээс тэгж их хайр мэдэрчихээд тавьж явуулах … Би их бодсон. Гэрийхэндээ ахиж би та нарын хувьд асуултын тэмдэг шиг амьдарч чадахгүй миний амьдрал бол миний л амьдрал гэж хэлээд нээлттэй амьдардаг болсон. Хүмүүс зүрх тарxи хоёрынхоо аль нэгийг нь дагаж амьдардаг.

Би одоо бүх зүйл дээр зөвхөн зүрх сэтгэлээ л дагадаг. Тэр минь амьдралд их шаргуу хөдөлмөрч зүгээр сууж чаддаггүй хүн байсан гэж хэлж байсан даа. Тийм болохоор би хийж чадаагүйг нь хийж амьдардаг. Хайр гэдэг зүйлийг надад хамгийн анх мэдрүүлсэн хүн. Надад ахиж түүнийгээ ганцхан удаа харах боломж олдвол би зөвхөн түүний инээхийг л хармаар байна. Миний анхны хайр.

Эх сурвалж: choirongoo

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Өөрсдөө мэдээгээ бэлд!